Иошуа 8:7-13 АБ2004

7 Та нар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно.

8 Та нар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв.

9 Ийнхүү Иошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.

10 Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдээ дуудан цуглуулаад, Израилийн ахмадуудын хамтаар өөрөө ард олноо тэргүүлээд, Аи уруу явав.

11 Түүнтэй хамт байсан цэргийн бүх эрчүүд явж, дөхөн ойртож хотын өмнө талд нь хүрч ирээд, Аин хойд талд бэхлэн буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв.

12 Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд бүгүүлэв.

13 Ийнхүү хүмүүс байраа эзлэн, хотын хойд талд бүх цэргүүд байсан ба хотын баруун талд ард талын хамгаалалт байрлав. Иошуа тэр шөнийг өнөөх хөндийн дунд өнгөрөөлөө.