Иошуа 9:21-27 АБ2004

21 Удирдагчид тэдэнд—Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.

22 Ингээд Иошуа гибеончуудыг дуудан—Та нар манай газар нутагт амьдардаг атлаа “Бид та нараас алс хол байдаг” хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ?

23 Иймийн тул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ.

24 Тэд Иошуад—Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.

25 Одоо харагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав.

26 Ийнхүү Иошуа тэднийг Израилийн хөвгүүдийн гараас аварч, израильчууд ч тэднийг алсангүй.

27 Харин тэр өдөр Иошуа гибеончуудыг чуулганы болон ЭЗЭНий сонгосон газар дахь Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч болгон энэ өдрийг хүртэл ажиллуулав.