Иов 2:9-13 АБ2004

9 Тэгэхэд эхнэр нь түүнд—Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.

10 Харин тэрээр түүнд—Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.

11 Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.

12 Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.

13 Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.