Хаадын Дэд 1:1-6 АБ2004

1 Ахабыг нас барсны дараа Израилийн эсрэг Моаб босов.

2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд—Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.

3 Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад—Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.

4 Тиймээс одоо ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж хэлэв. Тэгээд Елиа салж явлаа.

5 Элч нар хаан уруу буцаж ирсэнд тэр тэдэнд—Яагаад та нар буцаж ирэв? хэмээв.

6 Тэд түүнд—Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” хэмээв» гэж хэл” гэж хэлсэн гэцгээв.