Хаадын Дэд 18:16-22 АБ2004

16 Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.

17 Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

18 Тэд хааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив.

19 Рабшаке тэдэнд—Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

20 Чи хэлэхдээ (гэвч эдгээр нь зөвхөн хоосон үгс юм) ”Дайтахын тулд надад зөвлөгөө болон хүч бий” гэдэг билээ. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлсэн бэ?

21 Одоо харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг.

22 Харин чи надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг” гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?