Хаадын Дэд 21:9-15 АБ2004

9 Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр бузар мууг хийлгүүлэн Манассе тэднийг уруу татсан юм.

10 ЭЗЭН Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа—

11 Иудагийн хаан Манассе өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр бузар мууг үйлдэн эдгээр бузар юмыг хийж, өөрийн шүтээнүүдээр Иудагаар нүгэл үйлдүүлсэн учраас

12 Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч бай хоёр чих нь хангинах болно.

13 Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.

14 Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, тэднийг дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайснууддаа олз омог болно.

15 Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм” хэмээв гэжээ.