5 Тэр мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиглаж буй хүмүүсийн гарт даатгаад, тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд буй ажилчдад,
6 мужаанууд, барилгачид болон чулуучдад, мөн өргөөг засварлахаар гуалин ба цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн.
7 Тэд итгэлтэйгээр ханддаг тул тэдний гарт мөнгө даатгагдсан учраас тэдэнтэй ямар ч тооцоо бүү бод гэж хэлжээ.
8 Тэгээд тэргүүн тахилч Хилкиа Шафан гүүшид—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч уншуулав.
9 Гүүш Шафан хаанд бараалхаж, түүнд үг уламжлан—Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, ЭЗЭНий өргөөг хянагч хүмүүсийн гарт даатгав гэв.
10 Үүнээс гадна гүүш Шафан хаанд—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ.
11 Хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав.