Хаадын Дэд 25:1-7 АБ2004

1 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.

2 Ийнхүү Зедекиа Хааны арван нэг дэх жил болтол хот бүслэлтэнд байжээ.

3 Дөрөвдүгээр сарын есний өдөр тэр нутгийн ард түмэнд хоол хүнс байхгүй болтол хот доторх өлсгөлөн ихэд ширүүсжээ.

4 Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.

5 Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.

6 Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов.

7 Тэд Зедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчирчээ.