Хаадын Дэд 25:5-11 АБ2004

5 Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.

6 Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов.

7 Тэд Зедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчирчээ.

8 Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ.

9 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.

10 Ингээд бие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав.

11 Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ.