Хаадын Дэд 8:6-12 АБ2004

6 Хаан эмэгтэйгээс асуухад тэр түүнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмэгтэйн төлөө нэгэн түшмэлийг томилон,—Энэ эмэгтэйнх байсан гэсэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөгтүн хэмээв.

7 Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд—Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ.

8 Хаан Хазаелд хандан—Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв.

9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон,—Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.

10 Тэгэхэд Елиша түүнд—Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.

11 Тэрээр Хазаелыг ичтэл гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.

12 Хазаел—Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша—Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.