Хаадын Дэд 8:8-14 АБ2004

8 Хаан Хазаелд хандан—Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв.

9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон,—Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.

10 Тэгэхэд Елиша түүнд—Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.

11 Тэрээр Хазаелыг ичтэл гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.

12 Хазаел—Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша—Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.

13 Тэгэхэд Хазаел—Гэвч таны зарц тийм агуу зүйлийг хийдэг нохой юм уу? гэсэнд Елиша—Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.

14 Ингээд тэр Елишаг орхин, эзэн уруугаа буцан ирсэн бөгөөд Бен-хадад түүнээс—Елиша чамд юу гэж хэлэв? гэсэнд тэрээр—Таныг заавал эдгэрнэ гэж тэр надад хэлсэн юм хэмээн хариуллаа.