14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.
15 Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү—Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв.
16 Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв.
17 Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад,—Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам—Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, “Амар амгалан уу” хэмээн түүгээр асуулга гэв.
18 Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж,—Хаантан “Амар амгалан уу?” хэмээсэн билээ гэв. Иехү—Чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ—Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.
19 Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд,—Хаан “Амар амгалан уу?” гэж асууж байна гэв. Иехү—Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав.
20 Харуул—Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.