Номлогчийн Үгс 2:13-19 АБ2004

13 Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би ойлгов.

14 Мэргэн хүний мэлмий толгойдоо байхад харин тэнэг хүн харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь заяа нөмөрч байдгийг би мэднэ.

15 “Тэнэгт оногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би өөртөө хэлэв. Ингээд би өөртөө “Энэ мөн л хоосон аж” гэв.

16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ!

17 Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядсан. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

18 Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ.

19 Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.