Рут 2:19-23 АБ2004

19 Хадам эх нь түүнд—Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг ажигласан тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнтэй ажилласан тухайгаа хадам эхдээ ярьж,—Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн өгүүлэв.

20 Наоми бэрдээ—ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин—Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас өвийг золин авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм гэв.

21 Тэгтэл Моаб эмэгтэй Рут—Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг хурааж дуусах хүртэл тэдний хажуугаас бүү холдогтун” гэж надад хэлсэн гэв.

22 Наоми өөрийн бэр Рутад—Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд хор учруулах вий гэв.

23 Тийнхүү тэрээр арвай болон буудай хураалтыг дуустал хаягдсан түрүүг түүхийн тулд Боазын шивэгчдийн дэргэдээс холдсонгүй. Тэгээд тэр хадам эхтэйгээ хамт амьдрав.