Шастирын Дэд 20:1-7 АБ2004

1 Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.

2 Хэсэг хүн ирж, Иехошафатад мэдээлж,—Далайн чанадаас, Арамаас асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харагтун, тэд Хазазон-тамарт (тэр нь Енгеди) байна гэв.

3 Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан, бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.

4 Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг хайхаар тэд бүр Иудагийн бүх хотоос ирэв.

5 Тэгээд Иехошафат Иуда болон Иерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод,

6 залбиран—Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэрүүд дэх Бурхан юм бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалуудыг захирагч юм бус уу? Хэн ч Таны эсрэг зогсож чадахгүйн тулд хүч чадал Таны мутарт байдаг.

7 Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?