Шастирын Дэд 20:29-35 АБ2004

29 Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлалууд дээр Бурханы өгсөн айдас нөмрөн байв.

30 Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талд түүнд амралтыг өгсөн юм.

31 Иехошафат Иудаг захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчилжээ. Түүний эх нь Шилхийн охин Азуба байв.

32 Тэрээр өөрийн эцэг Асагийн замаас гаралгүй замнаж, ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлджээ.

33 Харин мөргөлийн өндөрлөгүүд устаагүй. Ард түмэн зүрх сэтгэлээ өөрсдийн эцэг өвгөдийн Бурхан уруу хараахан хандуулаагүй байв.

34 Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.

35 Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэснээрээ тэр бузар муу хэрэг хийв.