1 Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ.
2 Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд нэг жил Иерусалимд хаанчлав. Түүний эхийг Омрийн ач охин Аталиа гэдэг байв.
3 Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг бузар мууг үйлдэхэд зөвлөгч нь болж байв.
4 Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлийн дараа өөрийнх нь сүйрэл хүртэл тэд түүний зөвлөх болж байв.
5 Тэр бас тэдний зөвлөгөөгөөр явж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамейчууд Иорамыг шархдуулжээ.