Шастирын Дэд 24:12-18 АБ2004

12 Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгөв. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ.

13 Ажилчид хөдөлмөрлөсөөр, сэргээн босголтын ажил ч тэдний гарт урагшилж, тэд Бурханы өргөөг хэлбэр төрхийнх нь дагуу засварлаж, бат бөх болголоо.

14 Тэд ажлаа дуусгаад, үлдсэн мөнгийг хаан, Иехоиада нарын өмнө авчирчээ. Уг мөнгийг ЭЗЭНий өргөөний хэрэглэл буюу үйлчлэл болон шатаалт тахилд зориулах хэрэглэл, алт мөнгөн сав, хэрэглэлийг хийхэд ашигласан билээ. Тэд Иехоиадагийн бүх өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд үргэлжлүүлэн шатаалт тахилуудыг өргөсөөр байв.

15 Иехоиада насныхаа тоог гүйцээгээд үхэв. Нас эцэслэхдээ тэрээр зуун гучин настай байлаа.

16 Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.

17 Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов.

18 Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.