Шастирын Дэд 24:16-22 АБ2004

16 Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.

17 Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов.

18 Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.

19 Гэсэн ч тэднийг ЭЗЭН уруу буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.

20 Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан—Бурхан ийн айлджээ. “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” хэмээв гэж хэлжээ.

21 Тиймээс хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв.

22 Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ—ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.