Шастирын Дэд 24:22-27 АБ2004

22 Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ—ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.

23 Дараа жилийн эхэнд арамейчуудын цэрэг Иоашийн эсрэг дайран ирэв. Тэд Иуда болон Иерусалимд хүрч ирээд, ард түмний дундаас хүмүүсийн бүх түшмэдийг алж, бүх олз омгоо Дамаскийн хаан уруу илгээжээ.

24 Үнэндээ арамейчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас ЭЗЭН үлэмж их цэргийг нь арамейчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ.

25 Тэд түүнээс салан явахад (түүнийг хүнд өвчтэйгөөр орхин одов) өөрийн зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингээд Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч, түүнийг хаадын булшнуудад оршуулсангүй.

26 Түүний эсрэг хуйвалдсан хүмүүс гэвэл, аммон эмэгтэй Шимеатын хүү Забад, моаб эмэгтэй Шимритийн хүү Иехозабад нар юм.

27 Иоашын хөвгүүд, түүний авсан хатуу сануулга болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын Номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа түүний оронд хаан болов.