Шастирын Дэд 25:1-5 АБ2004

1 Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехоаддан гэдэг байв.

2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.

3 Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.

4 Харин тэдний хүүхдүүдийг тэр цаазлалгүй, ЭЗЭНий тушаасан Мосегийн номд буюу хуульд “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж бичигдсэний дагуу үйлджээ.

5 Үүнээс гадна, Амазиа иудачуудыг цуглуулан, тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс болохыг нь олж мэдэв.