Шастирын Дэд 25:15-21 АБ2004

15 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн,—Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.

16 Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд—Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод,—Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.

17 Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөгөөг хүлээн авч, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн,—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв.

18 Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн,—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн, “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.

19 Чи хэлэхдээ “Харагтун, би Едомыг ялсан юм” гэв. Чиний зүрх ихэрхэл дотор бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.

20 Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм.

21 Ингээд Израилийн хаан Иоаш хөдлөн, Иудад харьяалагдах Бет-шемешт Иудагийн хаан Амазиатай нүүр нүүрээрээ тулгарав.