13 Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байв.
14 Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.
15 Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуу харвуулах зорилгоор цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр тавив. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.
16 Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.
17 Түүний араас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч орсон билээ.
18 Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд—Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага уугиулахаар ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи итгэлгүй бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй гэв.
19 Харин Уззиа утлага уугиулах бойпорыг гартаа барин, уурлан хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ.