Шастирын Дэд 26:8-14 АБ2004

8 Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.

9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.

10 Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.

11 Үүнээс гадна, Уззиад дайтахад бэлэн цэрэг байсан бөгөөд тэд гүүш Иеиел, түшмэл Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ хааны түшмэдийн нэг болох Хананиагийн удирдлага дор тулаанд гардаг байв.

12 Гэр бүлүүдийн тэргүүлэгчид болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа.

13 Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байв.

14 Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.