Шастирын Дэд 32:23-29 АБ2004

23 Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.

24 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв.

25 Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.

26 Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй.

27 Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг,

28 мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж, мөн бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ.

29 Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ.