Шастирын Дэд 32:9-15 АБ2004

9 Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу өөрийн зарц нарыг Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачуудын эсрэг илгээж,—

10 Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. “Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ?

11 Өөрсдийгөө өлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж «Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу?

12 Өнөөх Хезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой» гэсэн юм биш үү?

13 Би болоод миний эцэг өвгөд газар нутгийн бүх ард түмнүүдэд юу хийснийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрхүү газар нутгуудын үндэстнүүдийн бурхад миний гараас өөрийн газар нутгаа аварч чадах байсан уу?

14 Миний эцэг өвгөдийн бүрмөсөн устгасан тэдгээр үндэстнүүдийн бүх бурхдын дотроос өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах хэн байсан бэ? Тэгэхэд та нарын Бурхан та нарыг миний гараас аварч чадна гэж үү?

15 Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөгд, мөн түүнд бүү итгэ. Учир нь ямар ч үндэстэн, хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, эсвэл миний эцэг өвгөдийн гараас аварч чадсангүй. Тэгвэл та нарын Бурхан та нарыг миний гараас яаж аврах юм бол?” хэмээв гэж хэлүүлжээ.