Шастирын Дэд 35:14-20 АБ2004

14 Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тийм учраас левичүүд өөрсдөдөө ба Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм.

15 Асафын хөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.

16 Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө бэлтгэгдсэн байв.

17 Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Дээгүүр Өнгөрөх баярыг, мөн Исгээгүй Талхны Баярыг долоон өдөр тэмдэглэжээ.

18 Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ.

19 Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдсэн юм.

20 Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Каршемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа.