1 Шебагийн хатан хаан Соломоны алдар сууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирсэн хойно зүрх сэтгэлдээ байсан бүгдийн тухай түүнтэй ярилцсан юм.
2 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд тайлбарлаж өгөөгүй нэг ч зүйл үлдсэнгүй.
3 Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухаан, түүний барьсан ордон,
4 хааны ширээн дэх хоол, түшмэдийнх нь сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ.
5 Тэгээд тэрээр хаанд—Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ.