Шастирын Дэд 9:21-27 АБ2004

21 Хурамын зарц нарын хамт Таршиш уруу аялдаг хөлөг онгоцнууд хаанд байв. Гурван жилд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, сармагчин, тогос тээн авчирдаг байжээ.

22 Ийнхүү Соломон хаан эд баялаг, мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаанаас үлэмж агуу болов.

23 Бурхан түүний зүрхэнд өгсөн билиг ухааныг нь сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.

24 Ирж буй хүн бүр өөрийн бэлэг болох алт, мөнгөн эдлэл, хувцас, зэвсэг, амтлагч, морьд, луусыг авчирч байсан бөгөөд энэ нь жилээс жилд нэмэгдсээр байлаа.

25 Соломон морьд, тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээтэй, мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.

26 Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл, цаашилбал Египетийн хил хүртэлх бүх хаадыг Соломон захирдаг байв.

27 Хаан мөнгийг Иерусалимд чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам доор газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ.