Зехариа 1:1-6 АБ2004

1 Дариусын хоёр дахь жилийн наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь—

2 Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн.

3 Тиймээс тэдэнд хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн» хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад «Тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

4 «”Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»” хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5 «Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу?

6 Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн юм»”.