Зехариа 7:8-14 АБ2004

8 Тэгээд ЭЗЭНий үг Зехариад ирж—

9 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.

10 Бэлэвсэн болон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө”.

11 Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.

12 Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түмэн цэргийн ЭЗЭНээс агуу уур хилэн ирсэн.

13 Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

14 Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.