1 Коринт 4:9-15 АБ2004

9 Учир нь Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ.

10 Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга.

11 Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, ядмаг хувцаслан, ширүүн нударгад өртөж, орон гэргүй байж,

12 гараа ажиллуулан нөр их хөдөлмөрлөж байна. Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,

13 гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон.

14 Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ.

15 Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон.