2 Петр 2:13-19 АБ2004

13 Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг.

14 Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.

15 Тэд зөв шулуун замыг умартан, зөвт бус байдлын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.

16 Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.

17 Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ.

18 Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд

19 хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ.