2 Петр 2:16-22 АБ2004

16 Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.

17 Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ.

18 Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд

19 хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ.

20 Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно.

21 Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан.

22 Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж.