Еврей 4:7-13 АБ2004

7 “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,Зүрхээ бүү хатуу болго”гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов.

8 Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.

9 Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.

10 Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм.

11 Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.

12 Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.

13 Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.