Галат 2:15-21 АБ2004

15 Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд харь үндэстнүүдийн дундах нүгэлтнүүд биш.

16 Гэсэн хэдий ч хүн Хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөг гэдгийг мэднэ. Тиймээс бид ч гэсэн Хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл нэг ч махан бие Хуулийн үйлсээр зөвтгөгдөхгүй.

17 Хэрэв бид Христ дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл, энэ нь Христ нүглийн үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй.

18 Учир нь хэрэв би нэгэнт сүйтгэсэн юмаа дахиж босговол өөрийгөө буруутан хэмээн баталж байгаа хэрэг болно.

19 Учир нь би Бурханд амьд байхын тулд Хуульд Хуулиар үхсэн.

20 Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.

21 Би Бурханы нигүүлслийг хүчингүй болгохгүй. Учир нь хэрэв зөвт байдал нь Хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.