Галат 2:4-10 АБ2004

4 Харин энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм.

5 Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм.

6 Харин эрхэм нэр хүндтэй хүмүүсээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад нэмсэн юм ер алга.

7 Харин ч эсрэгээрээ, хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хөвч хөндүүлээгүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсаныг хараад,

8 (Учир нь Петрийг хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэр нь мөн намайг харь үндэстнүүдийн төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан)

9 надад өгсөн нигүүлслийг мэдээд, багананууд гэж хүндлэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харь үндэстнүүд уруу, тэд хөвч хөндүүлсэн хүмүүс уруу явах юм.

10 Бидэнд ядуусыг санаж байгаарай хэмээн захисан билээ. Чухамдаа би үүнийг л биелүүлэхийг эрмэлзэж явсан юм.