1 Цаашилбал Ахитофел Абсаломд—Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү.
2 Түүнийг эцэж, тэнхээ алдсан байх үед нь би түүн уруу дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүс зугтах болтол түүнийг айлгая. Тэгээд би ганцхан хааныг нь алъя.
3 Би хамаг ардуудыг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван байх болно гэж хэлэв.
4 Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахлагчдад таалагдав.
5 Гэвч Абсалом—Архет хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв.
6 Хушаи Абсалом дээр очиход, Абсалом түүнд ийнхүү өгүүлэв.—Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юу? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв.
7 Хушаи Абсаломд—Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв.
8 Тэгээд цааш нь Хушаи—Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.
9 Одоо тэр нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагалдагч цэргүүдийн дотор алуулсан хүмүүс байна” гэж хэлнэ.
10 Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ.
11 Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.
12 Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн уруу очиж, шүүдэр газар унах мэт түүнийг бид нөмрөн авч, түүнийг болон хамт буй хамаг цэргүүдийн нэгийг нь ч амьд үлдээхгүй.
13 Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол, бүх Израиль тэр хот уруу олс авчран, тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв.
14 Абсалом болон Израилийн хамаг ардууд—Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
15 Хушаи тахилч Задок болон Абиатар нарт—Ахитофел нь Абсалом болон Израилийн ахлагчдад ингэж зөвлөсөн бөгөөд, харин би ийм зөвлөгөө өгөв.
16 Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий” хэмээн хэл гэв.
17 Ионатан болон Ахимааз Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч, харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж, тэдэнд хэлсэнд, тэд Давид хаанд хэл хүргэхээр болов.
18 Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлэв. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд түүн дотор оров.
19 Эмэгтэй бүтээлэг авч ирэн, худгийн амыг бүтээж, түүний дээр буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов.
20 Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж—Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй—Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.
21 Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн, Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад—Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг ингэж зөвлөсөн байна гэв.
22 Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр Иордан голыг гатлаагүй хүн нэг ч байсангүй.
23 Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.
24 Тэгээд Давид Маханаимд ирэв. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав.
25 Абсалом Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байв. Амаса бол Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч Израиль хүний хөвгүүн байв.
26 Ингээд Израиль болон Абсалом нь Гилеадын нутагт буудаллав.
27 Давидыг Маханаимд ирэхэд, Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби болон Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар
28 дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, буурцаг, хатаасан үр,
29 зөгийн бал, ээдэм, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд хүмүүсийг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.