2 Самуел 2:17-23 АБ2004

17 Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов.

18 Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.

19 Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.

20 Абнер эргэн хараад,—Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд, тэр—Тийм ээ, би байна гэж хариулав.

21 Ийнхүү Абнер түүнд—Баруун, эсвэл зүүн тийшээ эргэн залуусын нэгийг барьж, түүнээс олзыг нь өөртөө авагтун гэв. Гэвч Асахел нь Абнерыг хөөхөө больж, буцахыг хүссэнгүй.

22 Абнер дахин Асахелд—Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл би яаж чиний ах Иоаб уруу харж чадах юм бэ? гэв.

23 Гэвч Асахел замаасаа буцахаас татгалзлаа. Тийм учраас Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт хатгасанд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд зогссоор байв.