2 Самуел 2:4-10 АБ2004

4 Дараа нь Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад—Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв.

5 Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээн, тэдэнд ийн хэлүүлэв.—Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг оршуулсан тул та нар ЭЗЭНээр ерөөгдөх болтугай!

6 Одоо ЭЗЭН та нарт үнэн болоод хайр энэрлийг үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт сайныг үйлдэх болно.

7 Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.

8 Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.

9 Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.

10 Саулын хүү Иш-бошет нь Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Гэлээ ч Иудагийн гэр Давидыг дагав.