2 Самуел 24:11-17 АБ2004

11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад бол Давидын үзмэрч байлаа.—

12 Явж, Давидад “ЭЗЭН зарлиг болж байна. Би чамд гурван зүйл өгөх болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго, тэгээд Би чамд үйлдэх болно” гэж хэлэгтүн гэв.

13 Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү өгүүлэв.—Нутагт чинь долоон жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд ямар хариу авч буцахыг надад хэлээрэй гэв.

14 Давид Гадад—Би асар их шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч гэв.

15 Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израильд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл хүн ардаас далан мянгыг үхүүлэв.

16 Тэнгэр элч Иерусалим уруу гараа сунган, түүнийг устгах гэтэл ЭЗЭН гай зовлон учруулахаа больж, ардуудыг устгаж байсан тэнгэр элчид зарлиг болон—Одоо хангалттай. Одоо гараа амраа гэв. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.

17 Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд—Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.