2 Самуел 3:12-18 АБ2004

12 Дараа нь Абнер өөрийнхөө өмнөөс Давид уруу элч нарыг илгээж,—Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Бүх Израилийг тан уруу авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.

13 Давид—Сайн байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ чамаас нэг зүйлийг би шаардаж байна. Юу гэвэл, чи надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.

14 Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн,—Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв.

15 Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр болох Лаишийн хөвгүүн Палтиелаас буцааж авав.

16 Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж, Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд—Яв, буцагтун гэсэнд тэр буцав.

17 Абнер Израилийн ахлагчидтай зөвлөлдөн,—Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байсан.

18 Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН Давидын талаар айлдахдаа “Өөрийн зарц Давидын гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн хийгээд хамаг дайсных нь савраас аварна” гэж айлдсан билээ гэв.