2 Самуел 8:1-6 АБ2004

1 Түүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авав.

2 Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.

3 Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав.

4 Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв.

5 Дамаскийн сиричүүд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав.

6 Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.