Даниел 1:1-7 АБ2004

1 Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гурав дахь жилд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.

2 Иудагийн хаан Иехоиакимыг Бурханы өргөөний зарим савнуудын хамт Небухаднезарын гарт Эзэн өгсөнд, тэдгээрийг Шинарын нутаг уруу өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавив.

3 Тэгээд хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназад, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаав.

4 Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав.

5 Хаан тэдэнд өөрийн амттан шимттэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн, гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орж зүтгэх байлаа.

6 Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв.

7 Тайгануудын тэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв.