1 Халдеичуудын хаанчлалын хаан болсон, Меде овгийн Ахашверошийн хүү Дариусын анхдугаар жилд буюу
2 түүний ноёрхлын анхдугаар жилд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог буюу далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.
3 Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.
4 Би өөрийн Бурхан ЭЗЭНд залбирч, гэмээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь—Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг.
5 Бид нүгэл үйлдэж, гэм бурууд холбогдож, харгис үйлс хийж, тэрсэлж, түүгээр ч барахгүй Таны тушаал ба тогтоолуудаас холдсон.
6 Түүнээс гадна манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдэс болон газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан Таны зарц нар болох эш үзүүлэгч нарыг бид сонсоогүй.
7 Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.
8 Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх.
9 Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий.
10 Бурхан Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан бидний өмнө тогтоож өгсөн сургаалыг нь даган алхалгүй ЭЗЭН Бурханыхаа дууг бид дагаагүй.
11 Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм.
12 Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.
13 Мосегийн хуульд бичигдсэнээр энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч бид өөрсдийн гэм буруугаас эргэж, Таны үнэнд анхаарал тавилгүй ЭЗЭН Бурханыхаа тааллыг хүсэмжлэн хайгаагүй.
14 Тийм учраас ЭЗЭН гамшгийг хадгалан хурааж, бидний дээр буулгасан. Юу гэвэл бидний Бурхан ЭЗЭН Өөрийн үйлдсэн бүх хэрэгтээ зөв шударга байдаг юм. Харин бид Түүний дуу хоолойг дагаагүй.
15 Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.
16 Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.
17 Тиймээс одоо бидний Бурхан, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.
18 Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна.
19 Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв.
20 Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,
21 би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.
22 Тэрээр надад заавар өгч, надтай ярин,—Даниел аа. Би чамд хэрсүү ухаан, ойлголтыг өгөхөөр ирсэн.
23 Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр ирлээ. Чи энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго.
24 Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө буюу хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд далан долоон хоног тогтоогдсон юм.
25 Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.
26 Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.
27 Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв.