Даниел 11:6-12 АБ2004

6 Хэдэн жилийн дараа тэд түншилж, Өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд Умард зүгийн хаанд очно. Харин гүнж хүчээ ч хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж болон түүнийг авчрагч, түүний эцэг, түүнийг дэмжигчид бүгд хороогдоно.

7 Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.

8 Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй.

9 Дараа нь Умард зүгийн хаан Өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч өөрийн нутагтаа буцна.

10 Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.

11 Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана.

12 Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.