Даниел 3:2-8 АБ2004

2 Тэгээд Небухаднезар хаан өөрийн босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчдыг цуглуулахаар зарлиг илгээжээ.

3 Ингээд удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов.

4 Тунхаглагч чанга дуугаар тунхаглан—Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.

5 Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.

6 Харин сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.

7 Тийм учраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.

8 Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.