Даниел 3:8-14 АБ2004

8 Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.

9 Тэд Небухаднезар хаанд хариулан—Хаан минь, мөнх насалтугай!

10 Хаан минь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ.

11 Гэвч сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно.

12 Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абед-него зэрэг зарим иудейчүүд бий. Эдгээр хүмүүс хаан таныг үл ойшоон, таны бурхдад эс үйлчлэн, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэв.

13 Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв.

14 Небухаднезар тэдэнд—Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?