Даниел 4:3-9 АБ2004

3 Түүний тэмдгүүд ямар агуу вэ!Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ!Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал,Түүний ноёрхол үеэс үед оршино.

4 Небухаднезар би өөрийн гэрт тайван байж, өөрийн орд харшид амгалан сууж байлаа.

5 Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.

6 Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан.

7 Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.

8 Гэвч эцэст нь миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн бөгөөд ариун бурхдын сүнстэй Даниел миний өмнө ирсэнд түүнд би зүүдээ хэлэхдээ,

9 “Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн.