Даниел 8:9-15 АБ2004

9 Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг ба Үзэсгэлэнт Орныг чиглэн онцгой том болов.

10 Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв.

11 Тэрээр өөрийгөө тэнгэрийн цэргийн Жанжинтай адил болгохоор өргөмжилж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.

12 Нүглээс болж тэнгэрийн цэргүүд өдөр бүрийн тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Эвэр үнэнийг газар хаяж, дураараа авирлан, амжилт олсоор байх болно.

13 Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэгэн ариун хүн—Ариун газар болон тэнгэрийн цэргүүд хоёрыг гишгэгдэхийг зөвшөөрүүлэхийн тулд нүгэл айдсыг төрүүлсээр байхад өдөр бүрийн тахилын тухай энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.

14 Тэрээр надад—Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.

15 Даниел би энэ үзэгдлийг үзээд, түүний утгыг ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв.